Соёмбо
Wikipedia-с
СОЁМБО ҮСЭГ
[Өөрчлөх] Соёмбо үсгийн тухай
1686 онд Занабазар Монгол, Санскрид, Төвд үг бичихэд зориулан Энэтхэг, Ланз, Нагар үсгүүдээс санаа авч 90 үсэг бүхий Соёмбо үсгийг зохиожээ. Соёмбо үсэг эртний Энэтхэгийн судрын хэлээр "өөрөө буй болсон гэгээн үсэг" гэсэн утгатай. Занабазар эл бичгээ зохиосон учраа тайлбарлахдаа төвд, самгарди хэлний үгийг тэмдэглэх боломжийг улам нарийн болгох санаа агуулснаа дурдсан байдаг.
Уран Занабазарын урлал, гоо зүй төгөлдөр Соёмбо үсгийг 200-гаад жил голдуу Халхын хүрээ хийдэд сүмийн барилгын чимэглэлд хэрэглэж байсан бөгөөд төрийн тамга, ном судрын толгой үсгийг бичиж уламжилсан нь бидний үед гоё сайхан үсгийн дурсгал болон үлдсэн юм.
Соёмбо үсгийн бичлэг нь монгол бичгийн адил дээрээс доош босоо бичих журамтай бөгөөд зурлага нь хичээнгүй бичгийн хэлбэрийг баримтална. Эл үсгээр бурхны шашны цөөн бус ном судар бичигдсэн гэх мэдээ байх боловч харамсалтай нь уламжлан хадгалагдаж ирсэнгvй. Энэ нэгэн зүйл үет үсэг нь зурлага их төвөгтэй, олон үсэгтэй байснаас болж их дэлгэрсэнгүй.
[Өөрчлөх] Соёмбо тэмдгийн тухай
Манжийн түрэмгийлэгчид Монголын нутгийг эзлэхийг илт санаархаж талаас нь таслаж, үзүүрээс нь үмхэж байсан тэр үед соёмбо бичгийг үндэсний тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болгож зохиосон гэсэн ам яриа бидний үед хүрч ирсэн юм.
Учир нь Манж улс хvчирхэг болж ирэхийн хамт албан хэргээ манжаараа явуулах өөрийн гэсэн үсэг бичигтэй болох хэрэгцээ гарч ирсэн бөгөөд бичиг зохиох хугацаанд монгол бичгийг бараг тэр хэвээр нь шахуу хэрэглэж манж хэлийг тэмдэглэж байсан гэдэг. Ямартаа ч соёмбо бичгийн эхний бярга тэмдэг нь манжийн түрэмгийллийн эсрэг тэмцсэн Лигдэн хааны үеэс өнөөг хүртэл Монгол улсын туг далбаан дээр тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болон тасралтгvй уламжилсаар өнөөдрийг хүрсэн алтан соёмбо юм.
"Соёмбо" хэмээх Санскрид үг нь "Өөрөө гарсан гэгээн" гэдэг утгыг агуулдаг бөгөөд улс төр, гүн ухаан, шашны олон бэлгэдлийг агуулсан. Соёмбо нь ертөнцийн үүсэх эх сурвалж хэмээн дорно дахины гүн ухаанд үздэг хий, гал, шороо, ус гэсэн язгуур махбодиудыг дор нь байрлуулж, сав ертөнцийн оршлыг бэлэгдсэн шороо, ус, гал, хий огторгуйг дээр нь дүрслэн, дунд нь шим ертөнц буюу хүний арга билгийг дүрсэлжээ. Улс төрийн бэлгэдэл нь, Соёмбын дээд талд нь айл өрх, улс хотлоороо өнгөрсөн-одоо-ирээдүйд үүрд мандан бадрахыг, Нар Сар нь монголын ард түмэн цэцэглэн хөгжих, Гурвалжин нь сум мэт хурц эрэмгий байхыг, Дундах загас нь өнөр өтгөн, сонор соргогийг, Хажуугийн босоо шугам нь хэрэм мэт бат бөх байхыг төсөөлдөг. Соёмбын бам үсэг нь арга билэг хослохыг, доорх бадам нь язгуурын төр шашнаа мандуулан хөгжүүлэхийг бэлэгджээ. Ийнхүү Соёмбо сүлд нь дорно дахины төр, улс үндэстний болон гүн ухааны бүх бэлгэдлийг өөртөө багтаасан тэмдэг юм.