Wikipedia-с
Уйгаржин бичиг нь 12 дугаар зуунаас Монгол хэлэнд хэрэглэгдэх болсон. Чингис хаан Найман аймгийг довтлон нэгтгэсний дараа тус аймагт хэрэглэгдэж байсан уйгаржин бичгийг авч, албан ёсны бичиг болгосон хэмээн Монголын нууц товчоонд дурддаг. Монгол хэлээр бичигдсэн уйгаржин бичгийн анхны дурсгал нь 13 дугаар зуунд урласан Чингисийн чулууны бичиг. Уйгаржин бичиг нь Сири үсгээс гаралтай агаад Согдуудаар дамжин Уйгар, Монголд нэвтэрсэн гэж судлаачид үздэг.
Уг бичиг нь зөвхөн босоо чиглэлд бичдэгээрээ онцлог. Мөн үгийн эхэн дунд адагт буй үсгийн хэлбэр бага сага ялгаатай байдаг. Монгол бичиг нь Баруун Монголын ойрад аялгуунд тулгуурласан тод бичиг, буриад аялгуунд ойртуулсан вагиндрагийн үсэг гэх мэт хэд хэдэн хувилбартай. Мөн Аюуш гүүшийн зохиосон галиг үсэг уйгаржин үсгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулж, уг үсгээр олон монгол хэлнээс гадна төвд, самгарди, хятад хэлний үгийг тэмдэглэх өргөн боломж нээгдсэн. Уйгаржин бичгийг мөн худам бичиг, монгол бичиг хэмээн нэрлэнэ.